БОГД ОЧИРВААНЬ УУЛ МИНЬТэнгэр уул миньТэрмэн дээлтний хөлгөн мэгзэм оршоосон онгон хайрхан миньДөрвөн их галвын халуун хүйтний урвалд тэсчГурван тэрбум жилийн нас сүүдрийг зооглохдоо
Зоондоо найман зүгийн бурхадын шүншигтэй , цагаан барсын хэвнэг хөдөрч
Зоргол эрхэлсэн, Найдан жүдгийн , аравнаатай ,нигүүсэлт төрхийг атриандаа хямгадаж
Барцад тотгорын амыг тагласан, Очирваань бурхны ширүүн дүрийг, нүдэн дээр бүжиглүүлж
Баян хангайн нурууны минь борлог сарьдагуудын , тэргүүн сэнтийд очирлон завилжээ
Сахиуст уул минь
Сарны амьсгааг царцааж , өвсөнд болор унжилга цацагласан , цаст хайрхан минь
Хос тавилант Вансэмбэрүүг , цармын жиндүүд үнсэлдүүлж
Хорвоогийн жамыг гажаалгүй , буурин тойрогт хөтлөлцүүлээд
Дандарын аймгийн аг тарнийн увидастай , далд эрчмийн цаглашгүйг уугиулж
Дайдар хөх огторгуйн, мөнх адистай цагаан шүхэртийг , өнөд эгшиглүүлж
Суран жолоог дугтаруулсан , өвгөдийн минь амны уншлагатай, дотоод залбирлыг бүрэн багтааж
Шоголтой судруудын хулгар хуудсанд хав дараастай эрдмийн охиор солонго нумлуулжээ
Богд Очирваань уул минь
Босоо сүмэн гандирсийн будраа дагшин хайрхан минь
Хөөмий хөлбөөсөн агар лагшиндаа гур зүр болзуулж
Хөв самбай үүл манангаар, нүдний хор суулгуулалгүй биеэн ороож
Инээд цацалсан дуслаар цэцэгсийн цангааг тайлж
Ихэр мэлмээрээ Бадар хундагаа дэлхийн хүйстэй бэлчирлэж
Аагим зуны нар ч зулайд нь хөлдөн мөнх цасыг нь сая сая жилээр хуршааж
Агт морь , монгол хүн, уул гурав, дээд тэнгэрийн лүндэн дор шүтэн барилджээ
Бурхан уул минь
Буурал нугачаа болгондоо хутагт мэндлүүлсэн Будда хайрхан минь
Comments
Post a Comment