Цэндийн Дамдинсүрэн: Хоёр настай Ро
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. 1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд Хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хүүхэн», «Хачин хурим» зэрэг ном, түүвэр хэвлүүлжээ. 1946, 1947, 1951 онд Монгол Улсын Төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.
1950 онд “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” сэдвээр дэд эрдэмтэн, 1972 онд 1998 онд Монгол улсын засгийн газраас Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг буй болгож, утга зохиол судлагч, доктор, профессор Л.Хүрэлбаатар, Д.Цэдэв, ОХУ-ын монголч эрдэмтэн, профессор Л.К.Герасимович нарт анхлан олгожээ.
Хоёр настай Ро шүлгийн гол баатрууд хэн бэ?
1933 онд оюутан Ц.Дамдинсүрэн Ленинград хотноо анд Уртнасан, гэргий Сурмаажав, тэдний 2 настай охин Роза буюу Батнасангийн ойн баярт ирэхдээ энэ шүлгийг гардуулжээ. Ц.Дамдинсүрэн гуайн босоо монгол бичгээрээ мутарлан үлдээсэн эх ноорог эзэндээ буюу 2 настай Ро нэрт Батнасан бууралд хадгалаастай бий.
Түүхээс... “Майн нэгнийг тохиолдуулан 1935 оны 4-р сарын 27-нд монгол үсгээр бичиж Ленинградын Дорно Дахины Хүрээлэнгийн “ИВ Штурм” нэртэй ханын сонинд гаргасан шүлгийг Д.Цэдэв гуай 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчээ. Ц.Дамдинсүрэн гуай залуу цагийнхаа хүрэн бор өнгийн гэрэл зургийн ард монгол бичгээр бичсэн “Зургийг минь үзвээс...” эхлэл бүхий шүлгийг, дээрхтэй ижил гэмээр гэрэл зургийн ард “Уртнасан, Сүрмаажав нарт” гэж хандаж мөн монгол бичгээр бичсэн “Биеийн дүрс хэмээгч...” гэж эхэлсэн бадгийг буулгав...
"Хоёр настай Ро"
Дээшилж яваа Монголын
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь
Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ
Толинд байгаа дүрстэйгээ
Тоглон инээн наадна
Тохойн чинээ биеэрээ
Бүжиг хийх гээд дэвхцэнэ
Аятай харагдсан бүгдийгээ
Ай е е гэж дуудна
Аав ээжээ харахдаа
Ааваа, маам аа гэж байна.
Балга хүрэхгүй шөлийг
Барж ядан ууна
Үмх хүрэхгүй махыг
Үлтэлж ядан иднэ
Үдээс үдэш болтол
Үүргэлж бүр ядарчихна
Үргэлж юм оролдсоор
Нойр нь бүр хүрчихнэ
Тэнд энд гишгэсээр
Тэнтэр тунтар явна
Тэвдэж яарч явсаар
Тээглэж бүдэрч ойчно
Бөгтөгнөж байгаад мөлхөнө
Бондгонож байгаад босно
Муу муу гээд заана
Хош хош гээд хараана
Боргоцой гараа сарвайгаад
Боов боов гэж бархирна
Өгөхгүй бол уйлж гарна
Уйлаад унжаад ирэхлээр
Нүүр нь улайн үрчийгээд
Нүд нь онийн гурвалжилаад
Нулимс нь ундран дуслаад
Нус нь бөнжигнөн гоожоод
Бий чадлаа шавхаад
Бияа бияа гэж бархираад
Аав ээжээ маажлаад
Аргадаж авахыг горьдоно
Эрээн мярааныг харуулбал
Ингэж уйлахаа больчихно
Ээж нь аваад аргадвал
Мээмээ хөхөөд тайвширна
Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь
Аавдаа алт болсон
Ээждээ сувд болсон
Энхрий булбарай бие нь
Эсэн мэндээр хүмүүжиг
Бага жаахан бие нь
Батжин сайнаар торниг
Бадамлянхуа цэцэг мэт
Бадран сайнаар дэлгэрэг
Ай хөөрхий Ро минь
Эрэгтэй хоёрын дээр
Эмэгтэй гурвын хамт
Тааруухан таван дүүтэй болоорой
Хуучин цагийн сүүлд
Хувьсгалт цагийн эхэнд
Харанхуй үеийн өнгөрөхөд
Гэгээн замын нээгдэхэд
Тохиолдож төрсөн зол байна
Олны үзэх гайхамшиг байна
Эрдмийг сурах завшаан байна
Энхжин жаргах заяа байна.
Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа
Эрхэм янаг дүүдээ
Захих захиа, хэлэх үг
Заах сургаал, бэлэглэх ерөөл минь
Арав шахам наснаасаа
А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой
Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай
Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ
Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх
Ээ хөөрхөн Ро минь
Аэропланаар энд тэнд нисэж
Галт тэргээр газар бүр зугаацаж
Газар усны гайхамшгийг үзээрэй
Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж
Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж
Тогоо дүүрэн сүү хөөрүүлж
Торх дүүрэн өрөм хурааж
Суулга бүгддээ тараг бүрж
Сав бүгддээ аарц шүүж
Шинэ ааруул хүүдийгээр гаргаж
Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж
Шимийн архи аягаар бялхуулж
Шингэн зөөхий хувингаар уудалж
Аав ээждээ өргөн дэвшүүлж
Ах дүүдээ өгөн хүндэлж
Халуун зуураа найрлан цэнгэж
Харь олныг зочлон хуримлаж
Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл
Comments
Post a Comment