Монгол минь хаачив

Утаанд уусан сүүмэлзсэн
Улс монголын нийслэл
Aйдас түгшүүүр дагуулсан
Архичин, тэнүүлчнээр дүүрлээ гэнэ үү
Тааранд чихсэн хог шиг
Tэлчилж бачуурсан их хот
Хүчирхийлэл доромжлолын түгшүүр
Хүний наймаагаар бугшлаа гэнэ үү
                 Зуны богинохон шөнө
                 Зуслангийн газар зугаалсан
                 Амраг залуу хосуудын
                 Амгалан гэгээн сэтгэл хаачив
Бохирын усаар сэлбэгдэн
Бохирч сульдсан хатан Туул
Бургасан шугуйгаа үгүйлэн
Үхсэн загасаар хөвөөллөө гэнэ үү
Хатсан сайрыг нь ухаж
Халирсан урсгалыг нь дарсаар
Халтар олон барилга
Голдиролы нь хааж бослоо гэнэ үү
                 Дууны аялгуунд шингэсэн
                 Дурлалын нандин дурсамж
                 Туулын шугуйг анирлан
                 Урсгалд нь хөвдөг ангир хаачив

Дорнодын их тал
Дотор хүнээр дүүрч
Дов сондуул ч үлдээлгүй
Ухаж төнхөж онгичлоо гэнэ үү
Харийн газар руу зөөсөн
Хар алтны цуваанд
Хуйларч боссон шороо
Хурмастыг харанхуйлж шуурдаг гэнэ үү
                   Зэлүүд их говийн
                   Зэрлэг онгон тал
                   Зэрэглээнд нийлэн уусах
                   Зээрийн үелэх сүрэг хаачив
Хонгорын хөрс шорооноос
Хүн малгүй хордож
Арьсны өвчин дэлгэрч
Амьгүй ураг ч төрлөө гэнэ үү
Агаарт нисэх шувууд ч
Аяндаа унаж үхээд
Азгүй тэр нутгаас
Амьтай бүхэн дайжиж гэнэ үү
                  Аргалын үнэртэй салхийг нь
                  Аагтай цай шиг залгилаад
                  Архинд хөлчсөн нь ч эрүүлждэг
                  Ариун тунгалаг агаар нь хаачив
Алт ухаад ч дэвждэггүй
Алдуул мал шиг сүрэг Нинжа
Нутаг газраа онгичин сүйтгэж
Нүүдлийн царцаа шиг амьдардаг гэнэ үү
Хомхой сэтгэлийн галыг нь өрдөж
Хойноос нь туух уурхайн эзэд
Ус голыг ч угаадас болгож
Уулыг модтой нь хавтгайлдаг гэнэ үү
                 Аливаад хомхойгүй сэтгэлээр баян
                 Алга тосохгүй эрдэнэсээр дүүрэн
                 Адгаж зовохгүй гэдэс цатгалан
                 Амны хишигтэй монголын заяа хаачив
Халуун ногоогоор амталсан
Хачиртай бэлэн гоймон
Хортой өттэй хүнсээр
Хариас манийг тэжээлээ гэнэ үү
Түрээсийн байранд шахагдаж
Өрөнд баригдсан монгол
Ажил хайн гиюүрч
Амьдрах ч завгүй явна гэнэ үү
                    Талын энгээр бэлчсэн
                    Таван хошуу сүрэг
                    Тааваар нүүдэллэж амьдарсан
                    Тэнүүн монгол ахуй хаачив
Хогийн цэг бараадаж
Хоолоо залгуулдаг ядуус
Золбин ноходтой булаалдан
Зоог нойроо авдаг гэнэ үү
Цэвдэг нийгмийн гудамжинд
Цэнэггүй тасарсан архичин
Цементэн зам дээр тэрийж
Цэрдгэр биеээ гайхуулдаг гэнэ үү
                   Боолын гутралыг сэтгэлдээ багтаахгүй
                   Босгоны шороог хувцсандаа халдаахгүй
                   Бодол ухаанаа алдаж самуурахгүй
                   Босоо хиймортой Монгол жавхаа хаачив
Гадаад иргэн мөнгө хүүлсэн
Гял цал зоогийн газруудад
Сархад зөөсөн монгол охид
Самуун зугааг нь ч гаргадаг гэнэ үү
Ажлын байргүй дэмий сэлгүүцэж
Арга тасарсан монгол залуус
Амьдрахын эрхэнд харийг зорьж
Арван зүгтээ дайжлаа гэнэ үү
                      Харийн дайсны санааг мохоож
                      Харанхуй гяданд нь ч босоогоороо нөгчсөн
                      Хатан зоригт Монгол эрсийн
                      Харьшгүй дайчин омогшил хаачив
Хөрөнгө оруулалт нэртэй
Харийн эзэмшил хүрээгээ тэлж
Газрын наймааг гааруулж
Гэрийн буурийг ч булаалаа гэнэ үү
Ногоон мөнгө нүд таглаж
Ногоон газар цагаан болоход
Араб гийчинд газар нутгаасаа
Аяганы алчуур шиг бэлэглэж гэнэ үү
                 Алга дарам газрынхаа төлөө ч
                 Амиа өргөн тэмцэж явсан
                 Өнгө мөнгөнд хууртаагүй
                 Өвгөдийн мэргэн ухаан хаачив
Харийн эзэмшлийн Монгол нутаг
Бүх нутгаа “лиценз”-ээр
Бусдад тарааж дуусгасан ноёд
Бэлчээргүй болгосон уурхайд
Бухимдсан малчнаар тохуурхаж гэнэ үү

“Хаа сайгүй ухсан нүхэнд
Хамаг мал сүйдлээ” гэхэд
“Үсрэнгүй хөгжлийн ангалд хүрчихлээ
Үсэр үсэр наад руугаа” гэсэн гэнэ үү
                  Хүн ардаа дээдлэж ирсэн
                   Хүчирхэг гүрнийг байгуулж явсан
                   Эх дэлхийг ч түвшитгэж зассан
                   “Их засаг”-т Монгол төр минь хаачив
ГХ-ны сайд Г. Занданшатар
Авилгаар амиа бордож
Аялаж зугаалсан засгийн ноёд
Ард түмэнд амласан мөнгөө
Амьсгалах “тунгаар” тараав гэнэ үү
Алсын санаатай энэ бодлого
Аманд тулсан өрөнд шигтгэж
Амьдралыг энд үгүй хийгээд
Аюултай хогийг булшлах гэнэ үү
                   Хүлэг морь нь ч хүний нутгаас гүйж ирдэг
                   Хүслийн цэнхэр хязгаар эх орон минь хаачив
                   Дэлхийг хэдэнтээ хураасан их гүрний тасархай
                   Дэлтэй хүлгээ сойсон Монгол минь хаачив

НАМ ГЭГЧ
Нам гэгч
Авилга амилсан гэмт хэргийн үүд
Албан тушаалын хэнээ туссан үүр
Эрүүл ухааныг ээдүүлж бохирлосон хор
Энэ улсыг эвдрэлцүүлж самарсан хутгуур
Нам гэгч
Нийтийн хөрөнгийг бүлэглэж идсэн луйварчин
Нийгмийн баялгийг хувааж завшсан хулгайч
Монгол Төрийн тархинд идээлсэн яр
Мэсээр эмчилэн огтолж хаямаар ур
 
ЮУСАН БИЛЭЭ
Бусдын нутгаас ирсэн
Бурхан болоочийн хувцас
“Брэнд” нэрийн бараа болж
Өндөр үнээр зарагдах нь
Өгсөн авсан хоёртоо
Өлзий нь юусан билээ
                        Түүхэнд үл үлдэх
                        Түмэнд үл үнэлэгдэх
                        Төрийн хаягтай шагналууд
                        Танил талаар тараагдах нь
                        Авсан өгсөн хоёртоо
                        Ашиг нь юусан билээЗугаа наадам хэссэн
Зуурдын цэнгэл хөөсөн
Зурагтаар худлаа амласан
Засгийн ноёдод зусардах нь
Нийгмийн доройтлыг засахад
Нэмэр нь юусан билээ
                                   
ХЭРЭГЛЭЭ
Дэлхийн хөгжилд нийллээ гэж
Дэгдэж хөөрцөглөсөн амьсгаа
Дэлтэй хүлэгээ орхин
Дэгжирхэж гайхуулсан хэрэглээ
Амьдралын өртөг нэмсэн
Авто машин олширсноор
Ард түмэн жаргаж
Аз буян дэлгэрэв үү?!
Төсвийн хамаг зардлаа
Түлш шатахуунд барж
Улсын хөрөнгө гадагшаа
Урсаж байгаа бус уу?!
Хөрш их гүрнүүд
Хөөргөн хэрэглээг ашиглаж
Төрийн дээрэлхүү бодлогоо
Tулгаж байгаа бус уу?!
Хотын гудамжинд холхин
Хорт утаа ялгаруулж
Замд түгжирч бухимдсаар
Залхаж байгаа бус уу?!
Хөдөө хээрийн бэлчээр
Хөрс ургамлыг сүйтгэж
Зам тавих ажилд ч
Зарлага үрлэг нэмэгдсээр бус уу?!
Машин тавих зогсоол
Манаа харуултай гарааш
Өртөг зардалтай засвар гээд
Өөртөө ч чирэгдэл нэмсээр бус уу?!
Сархад хүртсэн согтуу
Саваагүй зарим сагсууд
Аюул осолтой зэвсэг болж
Алтан амийг ч бүрэлгэсээр бус уу?!
Явдал хөдөлгөөн дутагдаж
Ямба суудал хэтэрснээр
Эрүүл бие суларч
Эрч хүч ч доройтcoop бус уу?!
Хэрээс хэтэрсэн хэрэглээ
Хөгжил биш хөгцрөл болж
Замарсан энэ нийгэмд
Засгийн бодлого дутсаар бус уу?
                                  
МОНГОЛ ГЭР МИНУ           
Хажуу өрөө царайчилж
Хамаг мөнгөө барахгүй
Ханилгаа муутай хүмүүстэй
Хамт байх гэж зовохгүй
Чимээ шуугиантай хөрш
Чих дөжрөөж зовоохгүй
Амар тайван байлгасангүй гэж
Айл хөрштэйгөө муудалцахгүй
Ус цахилгаан тасарлаа гэж
Унд хоол сойгдохгүй
Хог ялгадас бөглөрч
Хааяа хэцүү үнэртэхгүй
Хаяа таарахгүй нэгнээс
Холдоод нүүгээд явчихдаг
Андын журамтай нэгэндээ
Айлсаж буугаад нөхөрлөдөг
Тэнгэрт нисэх шувууд шиг
Тэнгист шумбах загас шиг
Онгон дагшин уулс шиг
Омголон догшин хүлэг шиг
Эрх тааваар амьдруулсан
Эрх чөлөөний эсгий бумба
Эгэлгүй жаргалын алтан өргөө
Эцгийн голомт-Монгол гэр мину
Мандах нарны гэрлийг 
Тоонон дээрээ тоглуулж
Мэлтийх сарны туяаг
Тулганы галтайгаа наадуулсан
Хөдөөгийн эрүүл салхи
Хаалга хатавчаар орж
Хорол тооноор нь сэвэлзэж
Хоргодох хийг нь зайлуулсан         
Ган тулганд бадамласан
Галын төөнөх илчэнд
Буртаг тотгор арилж
Бие сэтгэл эрүүлжсэн
Агь гангын үнэртэй
Аглаг уудам нутгаа
Аргалын утаагаар ариусгаж
Амьдрал байгалиа ижилсүүлсэн
Уул талынхаа хаана ч
Өргөө гэрээ барихдаа
Ханын шийрээр дугуйлж
Хөрсыг нь зулгалахдаа эмзэглэсэн                                       
Түмэн жилийн түүхэнд
Туурь балгас болоогүй
Зөөж нүүсэн орд
Зөөлөн гишгэсэн алхаа
Мөнх тэнгэрийн энтэй
Монгол ухааны ур
Өрлөг дэлхийд ээлтэй
Өргөө цагаан гэр мину 
Хаан хэдий боловч
Харцын гэрт морилохдоо
Тотгонд тэргүүнээ мэхийж
Түвшин ёсыг сахидаг 
Эгэл харц боловч
Эсгий гэрийнхээ хойморт
Эзний суудлыг эзлэн
Эрхэм хүндлэл хүлээдэг                
Хүндлэх дээдлэх ёсон
Хийц хэлбэрт нь багтсан
Ачлах хайрлах ухаан
Ахуй чанарт нь оршсон
Сувадийн ариун оронд
Сувдан шигтгээ нэмсэн
Уран зургийн дүрслэл
Урлагийн нандин бүтээл шиг
Усан зэрэглээнд умбан
Уулсын хормойд торойх
Монгол нутгаа чимсэн
Мөөгөн цагаан гэр мину                      
Тунгалаг наран гийсэн
Талын ногоон дэнжид
Торойх бараа нь алсхан
Танан цагаан гэрт
Айлын шинэхэн бэр
Амаржих тэрхэн мөчид
Хэсэгхэн цагаан үүлнээс
Хурын дусал хаялж 
Нумалж татсан солонго
Хүрээлж гэрийг бүрххэд
Нутгийн олон залбирч
Хувилгаан төрлөө гэж баярласан 
Оюун сэтгэлийн орших орон
Огторгуйн солонго сүлэлдэх хэлхээ
Агуу гайхамшигт хүмүүний бүтээл 
Амьдралыг өнөд агуулах хүртээл
Буурал дэлхийд заларсан
Богдос мэргэд баатруудын
Энхжинд төрөлссөн голомт
Эсгий цагаан сүмбэр
Бусдаас гуйх дутуу юмгүй
Бурхнаас хайрласан малчин ахуйн
Дээдийн сайхан зохилдлого оршсон
Дээдсийн өргөө Монгол гэр мину
 
СААРАЛ ГУДАМЖ
Ус шалбааг тогтсон
Саарал гудамж дүнсийнэ
Үс хирэндээ баригдсан
Тэнэмэл иргэд хэсүүчилнэ
Орон сууцны хороолол
Овоолсон хогтойгоо хөглөрнө
Онгорхой траншейний ам
Олзоо хүлээх шиг ангайна
Гуйваж салгалсан согтуу
Газар тэмтчин дэнжигнэнэ
Ханьсаж нийлсэн хэд нь
Хараал тавин зууралдана 
Холдож чадахгүй тэрүүхэндээ
Хоргодон шүлсээ савируулцгаана
Ганц шилийг булаалдан
Гар дамжуулан балгацгаана
Өглөө үдшийг үл ялган
Өлөн элгээ архиар дэвтээж
Өдөр хоногийг өнгөрөөж ядсан
Өнөөх амьдрал үргэлжилсээр …

Ухсан нүх, овоолсон шороо
Ундуй сундуй зам талбай
Зэрэгцэж тэдэнтэй өнгө хоршин
Зэгэл саарал гудамж дүнсийнэ
Эргэн тойрны энэ амьдрал
Эвдэлж сүйтгэсэн хаягдал ч юм шиг
Аяны хүмүүс дөлж тойрсон
Араатан үүрлэсэн балгас ч юм шиг                                                            
Амь амиа бодсоор явтал бид
Адгуусны сүрэгт нийлсэн ч юм шиг
Сэтгэл гундаасан хөлчүү төрхтэй
Саарал гудамж нэмэгдсээр байна Хүмүүс ээ!
 ОЛШИРЛОО
Агуу хүн би гэж хашгирах
Архичинг зөндөөн харлаа
Ариун хүн би гэж ярих
Авилгачтай ч бас бишгүй таарлаа
                        Гэмээ гавъяа гэж мэтгэлцэх
                        Гэгээн дүртэн мундахгүй боллоо
                        Нүглээ буян гэж сайрхах
                        Нүүрээ ширлэсэн луйварчин олширлоо
Сүйтгэснээ бүтээл гэж зарлаад
Шагнал нэхэх шуналтан ч байх юм
Сүүдрээ цагаан гэж зүтгээд
Шүүхэд заргалдах тэнэгүүд ч байх юм
                        Хар цагааныг ялгахаа байсан
                        Харалган өвчин юунаас үүсэв?!
                        Сайн мууг андуурч будилсан
                        Самуурсан ухааныг яаж эмчлэх вэ?!  

Comments

Popular posts from this blog