Э.Үржинханд - Ухаарал /Өгүүллэг/

  


...Томоогүй явж боллоо ээж ээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ... гээд л Мандах гэгэлзсэн уянгалаг хоолойгоор дуулж дуусахад сэтгэл нь уярч, амьсгаа даран сонсож суусан бүгдээр гэнэт ухаан орсон мэт алга ташилт нижигнүүлэн танхим дүүрэн цуурайлж, дор бүрнээ тийм гэхийн тэмдэггүй нулимсан давалгаа огшиж ирэхүйд хөтлөгч даарч жиндэж буйгаа мэдэгдэхгүйг хичээхийн зэрэгцээ гайхамшигт авьяасыг нь бахдаж ядан хоолойгоо засч:
-За, ингээд “дуучин” Мандахдаа баярлалаа гэж чанга дуугаар хэлэхэд сэтгэл хөдлөн инээмсэглэл тодруулах тэдний түр зуурын баяр баясгаланд цонхны цана хүртэл гэсэх шиг санагдана. Алга ташилтын шаагисан их чимээнд хөтлөгчийн дуу замхран бүдгэрэв. Дараа нь хөтлөгч уриалгахнаар гараа дэлгэн мэхийж Мандахыг дахин олны өмнө урьлаа. Энэ бол тайзан дээр ч биш, ямар нэгэн баяр наадам бол бүр ч биш ээ. Өвлийн жихүүн жавар тээр дээрээс гэрэлтэх том том цонхнуудыг захаас нь эхлэн цантуулжээ.
Гар хөлийн үзүүр, ар нуруугаар хүйт даан жихүүцүүлэх биеийн тамирын танхим дүүрэн шижигнэсэн залуус, эх орны хүү, эцэг эхийн энхрий үрс, хайр сэтгэлийн эзэн болох олон аавын хөвгүүд. Зарим нь газраар завилах нь завилж, явган суух нь сууж, нэг хэсэг нь хана налан зогсоцгооно. Өгөөмөр гараа сунгахаар ирсэн тусламжийн байгууллагынхны багахан хэмжээний тоглолтыг үзэж түр ч гэсэн сэтгэлийн илч, гэрэл гэгээ хүртсэндээ баясан алгаа хорстол ташиж суугаа тэдний харцны гүнээс гуниг харууслын өнгө аврал эрэх шиг бүрэлзэн харагдана.

Өргөст тор, өндөр ханаар тусгаарлагдан, ууртай ширүүн нүдээр шавхуурдах харгалзагчдын харцан доор утсан тоглоом шиг удирдуулах энэ залуус ид амьдрал зохиох, ид бүтээж байгуулах оргилуун насандаа үйлдсэн хэргийнхээ төлөө хатуу бэрхийг туулан зөвхөн гэмшиж ухаарахад бүхнийг зориулж суухад харин цаг хугацаа хайран залуу насыг нь дур зоргоороо хэмлэсээр. Тоглолт дуусахад харгалзагч хоригдлуудын дундаас Мандахыг захирангуй чангаар дуудан эргэлтийн умгар жижиг өрөөнд авчрав. Онгож хуучирсан хөвөнтэй хүрэмнийхээ захыг босгож, чихээ далдлангаа:
-Нэг л юм болох нь дээ, би уг нь хэрэг төвөг гаргаагүй удаж байгаа юмсан, яасан юм бол оо? гэж далдхан түгшиж, гаднаас хоёр гараа хооронд нь үрсээр орж ирэхэд түүнийг дуудсаны учир гэвэл алдаж бүдэрсэн хүмүүжигчдэд цаашид амьдрах итгэл, урам зориг өгөхөөр ирсэн энэрэнгүй үйлсийн арга хэмжээг удирдан яваа өнөөх Мандахын биширдэг алдартай дуучин Энхтайван сууж байх нь тэр. Энхтайван цаанаа л нэг дотно дулаанаар инээмсэглэн.
-За, манай байгууллагаас явуулсан арга хэмжээ ямар санагдав, хө? гэхэд Мандах: -Таалагдсан, таалагдсан. Их баярласан гээд санаа зовсон байдлаа нууж ядан толгой дохиж инээмсэглэхэд Энхтайван: -Дүү минь, чи их авьяастай юм байна, хаана ингэж дуулж сураа вэ? хэмээн үнэхээр биширсэн хүний нүдээр сонирхон асуувал Мандах хянагч руу царайчлангуй хараад бээрсэн гараа ээлжлэн барилж:
-Юу..., Ээж л намайг дандаа дуучин болно гээд байдаг юм. Тэгээд л энд орсноосоо хойш.., яахав, дуучин болохгүй ч гэсэн ... гээд бас л хянагч руу эмээсэн нүдээр хулмаганан харснаа:
-Дандаа дуулдаг юм аа..., яахав, зүгээр л гэж үгээ зөөн хэлээд хүндээр санаа алдахад нь:
-Аан, зөв зөв. Дуучин бололгүй яахав. Чи чинь жинхэнэ дуучин хүн байна шүү дээ. Ийм авьяасыг яаж алдаж болох вэ. Би хайж явсан хүнээ олчих шиг боллоо. За байз, хэзээ суллагдана гэлээ? гэхэд Мандах цочих мэт гайхан харвал хянагч хажуунаас нь:
-Аан, өөрт нь үдээс хойш мэдэгдэх гэж байсан юм. Гурван сарын дараа өршөөлөөр суллагдахаар болсон гэж төв царайлан хэлэхэд Мандах чихэндээ итгэж ядан өөрийн эрхгүй баярын инээмсэглэлээ барьж ядав. Ингээд дуучин нэрийн хуудсаа хүндэтгэлтэйгээр хоёр гардан дурсгаж, суллагдах тэр өдөр нь өөрийн биеэр түүнийг тосон авч, цаашид бүр алдартай дуучин болгоно гэдгээ амлаад явж одлоо. Мандах алдаж гишгэсэн гэмт үйлдлийнхээ шийтгэл болсон энэ төмөр торноос удахгүй суллагдах болсондоо хязгааргүй баярлан өрөөндөө ирээд шууд л захидал бичиж гарлаа.
-Сайн сууж байна уу, Ээж ээ. Таны бие яаж байна? Дандаа гомдоож, зовоож байсныг минь уучлаарай. Одоо би сайн хүмүүжиж байгаа, бүгдийг ойлгосон. Эндээс гараад таныгаа үргэлж баярлуулна. Хүү нь удахгүй эрх чөлөөтэй болно. Дүү минь, хичээлдээ явж байгаа юу, ахыгаа очтол ээждээ сайн тусалдаг юм шүү. Ээж ээ, би дахиад хэзээ ч хулгай хийхгүй гэдгээ та хоёртоо амлая. Бид гурвын сонсох дуртай дуучин Энхтайван. Тэр ах манай ангид тоглолтоор ирээд явахдаа намайг дуучин болгоно гэлээ. Итгэмээргүй байгаа биз? Таны хүслийг биелүүлж би дуучин болно, Ээж ээ... гээд л инээд алдан бичиж суутал тэп тап хийх хөлийн чимээнээр хичээнгүйлэн бичиж суусан захиагаа санд мэнд дэрэн доороо дөнгөж хийж амжтал Чулуун орж ирэв. Харваас сүрдмээр хурц нүд, ширүүн царайндаа нударга зөрөлцөж явсны гэрч бүхий гүн сорвитой, биерхүү хэрнээ хэрзийсэн туранхай энэ нөхөр бол эд нар дундаа хамгийн “овгор” нь. Энэ олон аавын хөвгүүд дундаас яагаад ч юм сав л хийвэл Мандахыг гоочилж, шалтаг хайн дэглэж байдаг нэгэн. Чулуун халаасандаа гараа хийж өрөөн дотуур нь хэд хэд алхсанаа мулзан толгойгоо илж Мандах руу хяламхийн:

-За, дуучин гуай, өнөөдөр их баяртай байх шив дээ? Уушиг минь хоолоо нэхээд байна шүү, айн! гээд амаа зэвүүцэлтэйгээр мурийлган орон дээр нь сандайлан суухад Мандах мөрөө хавчиж:
-Юу..., надаа тамхи байхгүй л дээ, уучлаарай гэхэд Чулуун уруулаа татвалзуулан: -Хм, за яахав тийм байж. Чамайг их сайхан дуулдаг гэж амтай болгон магтаад амар заяа үзүүлэхгүй байх чинь... гээд дэрийг нь сөхөж мөнөөх захиаг нь олохын даваан дээр үүдэнд харгалзагчийн дуу гарлаа. Хянагч Мандахыг дуудуулсны сургаар Чулуун ч өрөөнөөс гарч, энэ удаад “овгор”-ын гараас санамсаргүй мултрав. Тэгээгүйсэн бол захидлыг нь гаргаж ирээд аягүй бол элдэв өө эрж олоод дарамталж гарах байлаа. Энэ удаад гэрээс нь захидал ирсэн гэнэ. Мандах хөөрөн баярласаар задаллаа. Магнай нь тэнийж, баяр хөөрийн гал бадарсан харцаар захидлыг яаравчлан нээгээд уншив. Төдөлгүй түүний нүдэн дэх оч аажмаар бүдгэрсээр, захиаг уншиж дуусах мөчид саяхан баяраар бялхаж байсан тэр инээмсэглэл, хөл нь газар хүрэхгүй дэвэрч ассан догдлол, ер нь орчлонгийн бүх гэрэл гэгээ халхлагдах мэт болж өөрийн эрхгүй гашуун нулимс огшоод ирлээ. Ингээд л дөнгөж сэхээрч амжаад, энэ торноос арай гэж гарах болоод зорьсондоо хүрэх цаг ирэхэд ээж нь хүндээр өвчилж, ойр дотны хүнээ ч танихгүйгээр ухаан санаа нь балартсан, тэгээд төлбөрийн зардал байхгүйн улмаас эмчилгээгүй гэсэн оноштой гэнэ. Мандахын хамаг баяр баясгалан замхарч, эндээс гармагц гагцхүү ээжийгээ л өргөх тухай ганцхан бодол ой ухааныг нь эзэмдэв. 
-Одоо хэндээ ч гэж дуучин болох билээ гэж бодмогц цаас шүүрэн авч дуучин Энхтайванд захидал бичлээ. ...Нэгэнт ээж минь ийм болсон тул одоо дуучин болох мөрөөдлөө орхиж, зөвхөн ээж дүү хоёроо л асарна. Таны өгөөмөр их сэтгэлд талархаж, дууг нь бишрэн сонссоор байх болно гэсэн утгатай захиа бичээд нандигнаж өгсөн нэрийн хуудас дээрх хаяг руу нь илгээж орхив. Бүтэн гурван сарын хугацаанд ар гэрээс нь ч тэр, өнөөх дуучнаас ч тэр ямар ч хэл сураг ирсэнгүй. Найз нөхөд нь бүгдээр ялтан болсон гэдгийг нь сонсмогцоо л нэг нэгээрээ элдэв шалтаг тоочих нь тоочиж, ямар нэг аймшигт амьтнаас үргэсэн мэт ор сураггүй арилцгаасан. Өдөр хоногууд өөрийнхөө голдирлоор хөвөрсөөр нэг л мэдэхэд эрх чөлөөт ертөнц рүү суллагдах цаг ирлээ. Энэ хангинаж чахарсан хахир торон сараалжнаас гарах өдөр хэн бүхний хувьд хязгааргүй баярт үйл явдал болдог авч Мандах тэгтлээ догдолсонгүй. Зөвхөн:         
-Ээж минь, та хүүгээ очтол хүлээдэг юм шүү гэж үнэн зүрхнээсээ шимширч, дахин дахин шивнэнэ.
-Ялтан Мандах! гэж ангийн захирагч нэг их сүртэй дуудсанаа:
-Хэ хэ, одоо чи ялтан биш ээ, Чамайг хүлээж авахаар гэрийнхэн чинь гадаа ирсэн байгаа гээд өнөөх зангирсан хөмсөг, ууртай харц нь хаачсан бүү мэд найрсаг гэгч нь инээмсэглэх нь тэр. Тосож авах хүн байтугай итгэл найдвар ч үгүй болсон Мандах гайхан байж: - Юу...? намайг хэн тосч байна гэнэ ээ? гэж итгэж ядан бувтанаснаа:
-Үгүй, намайг одоо хэн тосдог байна аа? Ээж өвчтэй, дүү энэ хүртэл ирж чадахгүй..., тэгээд өөр хэн? гэж энүүхэн хооронд түмэн зүйл бодсоор шалган дээр иртэл дуучин Энхтайван ээж, дүүгийнх нь хамтаар угтах нь тэр. Нүдэндээ ч итгэж чадалгүй тэдэнтэйгээ тэврэлдэн, баярын нулимсаа арчин уулзахад ирээдүйн алдартай дуучны багш гэгдэх хүндтэй үүргийн төлөө Энхтайван ээжийг нь аварч, энэ бүхнийг хийсэн байж. Тэд ганган мөнгөлөг суудлын тэргэнд суугаад ухаарлын бийрээр зурагдсан алс ирээдүйн зүг цаст цагаан замаар одоход өргөст торны цаанаас олон аавын хөвгүүд нарны амьдралыг мөрөөдсөөр хоцров. Хэдэн жилийн дараа: 

-Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Мандах гэх хөтлөгчийн цангинасан дуунаар саяхан суллагдсан Чулуун тамхи татангаа зурагт гөлөрч хэвтэхдээ санамсаргүй мөнөөх “уучлаарай” гэхээс өөр үг хэлэхгүй уурыг нь барж байнга зодуулдаг байсан туниа муутай хоригдол тайзан дээрээс сэтгэл уярам цээл хоолойгоор дуулж байхыг хараад өөрийн эрхгүй аажмаар пад пад хийлгэн алгаа ташиж эхлэхэд бараг уйлж үзсэн болов уу гэмээр ширүүн харцанд нь уярлын нулимс тодорч байлаа.
 “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүврээс МЗЭ-ийн гишүүн Э.Үржинханд

Comments

Popular posts from this blog