"Монгол хайц шүлэг" хэмээх том мөчрийн тухайд




Хайку хэмээх нарийн дэг жаягтай  сонгодог яруу найргийн төрлийг дэлхийн яруу найрагчид сүүлийн жилүүдэд улам сонирхон судалж өөр өөрийн хэл соёлын онцлогт тохируулан нутагшуулахаар хичээх болсон нь дорно өрнийн соёлын  харилцааг улам сонирхолтой болгож байгаа юм. Дорнын ард түмний сэтгэлгээний онцлог болон  хүн байгалийн  холбоог нарийн илэрхийлж чадах энэ гурван мөр өвөрмөц шүлэг өөрийн философлог шинж чанараараа яруу найрагчдын сэтгэхүй, сэрэхүйн бүтээлч чадварыг сорьж, автуулах увдистай урлаг билээ. Монголын яруу найрагчид Японы хайку шүлэгтэй  1964 оноос анх танилцаж байжээ. Түүнээс хойш хайку шүлгийг цөөнгүй яруу найрагчид сонирхон бичих болсон бөгөөд өөр өөрийн торгон мэдрэмжийг өнгө өнгийн уран яруу хэлбэрээр бичиж иржээ.   
Нүүдэлчин Монголын  яруу найрагчид тал нутаг шигээ уудам чөлөөтэй сэтгэдгийн дээр,  тэнгэр мэт омогшилт мэдрэмж сэтгэлээр яруу найрагт ханддаг мөн чанартай билээ.  Монголчууд богино хэлбэрийн шүлгийн уламжлалтай ард түмэн. Жишээлбэл 4 мөрт, Ертөнцийн гурав гэх мэт.
Нэгэн зүйл: Хайкун үндсэн зарчим дэлхийн хэл соёлд хэрхэн нутагшиж байгаа талаар:
Хайку шүлэг нь бүтцийн нарийн зарчмыг нэхдэг бөгөөд  барууны хайкуч нар  өөр өөрийн хэлний онцлогоос шалтгаалахгүйгээр богино, урт, богино мөрийн  бүтцийг алдахгүй бичихийг эрмэлздэг юм. Энэ нь 5, 7, 5 цохилгын уламжлалыг хэлбэрийнх нь  хувьд хадгалах гэсэн санаа боловч тухайн хэлнийхээ  хэмнэлийг алдахгүйгээр хайкугаа бичих нь чухал зүйл билээ. 

Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн Хасегава Кай барууны хайкучдад өгсөн зөвлөгөөндөө: 
Киго (байгаль улирлыг илэрхийлсэн үгс) нь хайкуны нэгэн чухал зорилго бөгөөд "Хүн бол байгалийн нэгэн хэсэг" гэсэн үзэл санаа нь үүний хөрс суурь юм хэмээсэн байдаг. Тэрээр мөн хэлэхдээ:  Юуны өмнө Япон хайкуны 5/7/5 хэмнэл болон 17 үе биш, 17 цохилго юмаа гэдгийг санах хэрэгтэй. 
Энэхүү 17 цохилго бол Япон хэлний зүрхний цохилттой адилхан юм.
  Эндээс харахад 2 зүйл ажиглагдаж байна. 
Нэгдүгээрт, япон хайку нь 17 цохилгоос бүтдэг боловч энэ заавал 17 үетэй байх албагүй юм.
 
Мөн 5/5/7, 7/5/5 цохилготой хайкунууд байдаг.
 
Гэвч энэхүү хэмнэл эхнээсээ чухал бишэд тооцогдож байсан бол үр дүн нь хайку биш болж таарч байна.
  Хайку бол яруу найраг, харин хэмнэл /цохилго/ бол яруу найргийн амь юм. 
 

Хоёрдугаарт, 5/7/5 цохилго нь зөвхөн япон хайкуны хэмнэл бөгөөд өөр бусад хэл дээр хайку бичихэд энэ хамаарахгүй юм. 
Өөр хэл дээр хайку бичихэд 5/7/5 зарчмыг баримтлах нь утгагүй юм. Харин тухайн хэлнийхээ зүрхэн хэмнэлийг сонсох нь чухал юмаа гэж
 хэлсэн билээ.

Дэлхийн 40 гаруй орны хайкуч нар цугладаг томоохон бүлэг болох “ХАЙКУ” бүлгээс ажиглахад хайкун үндсэн зарчим болох байгалийн урсгал, хөдөлгөөн, өөрчлөлтийг  ажиглан бясалгаж төвлөрч бичихийг чухалчлахаас гадна  бодит туршлага дээр дулдуйдаж хайку үүсэх ёстой гэж үздэг.  Нэгэн зүйл:  Эрэлхийлэл бүхэн гарц хайдаг. 
Монголын гурван мөр шүлгийн хэлбэрээр бичсэн шүлгүүдийг уншиж, судлах явцад Хайку хэмээх нэгэн саглагар том модноос  Монголын соёлыг тусгасан нэгэн шинэхэн мөчир олон салаалж томрон байгааг илтгэх шинэ үзэгдлүүд ажиглагдаж байна.   “Бишүби буюу билгүүнийг шүтэн бишрэнэ би- Дарма Батбаяр”, “Хиян буюу хэний ч илэрхийлээгүй яруу найраг – С.Дулам ” гэхчлэн шинэ нэршлүүд утга зохиолд түрэн орж ирсэн нь Монголын яруу найрагт хайку шүлэг эрчтэй хөгжих үндэс суурь зузаарсаныг илтгэж байна.  Аль аль нэршил нь нэг цогц утгыг илэрхийлж байгааг дурдахын ялдамд нэгдсэн нэгэн ойлголтонд төвлөрөх нь энэ төрлийн яруу найрагт дурлагсдын замд зөв гарц болохыг харуулж байгаа юм.  Хязгаараас цааш бүлгийн гишүүдийн тухайд хайкуг судлах явцдаа хайкугаас илт өөр хэлбэрийн шүлгүүдийг сэрлийн хөлөгтөө захирагдан хөглөгдөж бичиж байсан нь олонтаа билээ.  ]Нэгэнтээ Зэнбуддизм дээр суурилагдсан хайкуг нутагшуулж бичихээс гадна  гэгээрлийн эрэлхийлэл хайлттай гурван мөр богино шүлгийг монголын яруу найрагчид бичсээр байгаа бөгөөд хайкун олон ангилалын нэгэнд зүй ёсоор багтаахаас аргагүй юм. Эдгээр шүлгийг “ХАЙЦ шүлэг” хэмээн нэрлэхэд зүйтэй санагдана.
Хайцын хувьд хэлбэр чухал биш. Хайц шүлэг киго буюу байгалийг бичих ч албагүй.
Хайцын хамгийн чухал дүрэм бол сэрэл мэдрэмжийн онцлог байдал, бичигчийн сүнслэг оюуны танин мэдэхүйн нээлт юм. Хайц зохиогч өөрийн гүн ухааны үзлээ, зүрх сэтгэл, шаналал, сэрэл мэдрэмжтэй хослуулан бичдэг.  Мөн энэ нь хүн дотоод мөн чанараа нээж, өөрийгөө олох эрэл хайгуул юм.

өөрөө би чинь
өөрийнхөө дотор

өнчин янзага шиг тэнэнэ
                 Дарма.Батбаяр

Хүн чулуу
/Б.Ренчиний дурсгалд/

толгойг нь хугалсан хүн чулуун дээр
тоймгүй олон хэрээ цуглаж
нүдийг нь эрнэ                             Б.Лхагвасүрэн

өтгөн хар үсэн дээр
цагаан цас буух нь
үзтэл бүхний ирээдүй                  П.Батхуяг

бүү ай!
булшин дорхи тэнгэрт ч
шувууд нисэлдэх болно          Г.Аюурзана

үнэмшмээргүй юм даа...
өнөөдөр миний өмнүүр
өөрөө би цэцэг барин өнгөрөх юм. . . С.Оюунтөгс


явах чиглэлийн самбаргүй
галт тэрэгний буудал дээр
ганцаараа би ...                                        Н.Төвшинзаяа


хүний амьдралаар дүүрэн
миний амьдрал-
шуудангийн хайрцаг               А.Содхүү


гандангийн дэнжээд өгсөxөд
гарын минь алга нийлнэ
орчлон яасан энэрэнгүй             С.Билэгсайхан

Энэ мэтчилэн бидний мэдэх нэлээд найрагчийн гурван мөрт шүлгүүдээс хайц шүлгийн өнгө төрхийг тод харж болно. 
Амьдралыг үзэх төв үзлийн үзүүрээс  хайц шүлэгт тусгал болон илэрхийлж,  ширгээгдсэн чанд чамбай богино цөөн мөрөнд ухаарахуй, сэрэхүйг шигтгэнэ гэдэг үнэхээр дурлаж баясам үйл болов уу.
Хайку бол яруу найраг  хэмээх хөрсөн дээр ургасан том мод бол хайц нь түүний нэг мөчир юмаа. Модны мөчир бүхэн өөр хоорондоо ижил байдаггүй билээ. Энэ модны үндэс бол зэн буддизм, модыг ургуулагч цэцэрлэгчид бол хайкуч нар юм.
Тиймээс бид хайкун дэг журмыг ягштал баримтлан хайку шүлгээ бичихээс гадна Монгол хүний оршихуйн онцлогыг тусгасан ХАЙЦ шүлгүүдийг тэрлэдэг билээ. Хайку, хайц шүлэг бол нэг юмны хоёр тал юм.  Хайку өөрийн дотроос гарч ахуйгаас ангижирч, байгалийг ажиглаж бичдэг бол ХАЙЦ шүлгийг дотогшоогоо бясалгаж, өөр лүүгээ өнгийж бичдэгт гол ялгаа оршиж байна гэж бид үзэж байна. Амьдралын өнгө, жам ёсонд нуугдах  эрт эдүгээн ухаарал гэгээрлийг эрэлхийлэхдээ цөөн үгэнд ихийг агуулах үндсэн зарчмыг баримталж байгаа нь гурван мөрт Монгол хайц шүлгийн онцлог  юм. Хайку, хайц шүлгэнд хэт гялгар, чамирхсан, устай  үгс хэтийдсэн гоёл шиг илүүц үзэгддэг. 
Хайку шүлгийн  япон бичиглэлийн уламжлалт хатуу арга барилыг хэт даган туйлшралгүй /тэгэх ч боломжгүй юм/,  өөрсдийн уламжлалт хэл, соёлын онцлогт тохируулан байгаль хүмүний харилцааны хэм хэмнэлд нэгдэж, орчлонгийн оршихуйг  таних  учгийг “ХАЙЦ” шүлгэн дор хайцгаая  хэмээн мөхөс би вээр учирламой.

Цэцэн сартуул гаралт Пүрэвдоржийн Надалсүрэн.
“Хязгаараас цааш” хайкун  бүлгийн гишүүн.

2013 оны 4 сарын 12. Улаанбаатар.

Comments

Popular posts from this blog